“Сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь” гэсэн реклам зурагтын дэлгэцээс сонсогдох болоод нэлээд удаж байна. Энэ бол худалдаж авсан бараа чинь гомдоохгүй, ийм юм авсандаа үргэлж сэтгэл дүүрэн байх болно гэж хэлээд байгаа юм.
Хүн бүрийн бололцоо, таашаал, сонирхол, зан ааш янз бүр байдаг болохоор “сэтгэл ханамжийн батлагаа”-ны хувь процент янз бүр л байдаг байх. Хүний биеийг олж энэ хорвоод ирээд аль нэг улс үндэстэнд хамааран, нийгмийн дотор бие хүн болон оршиж буй 7 тэрбум хүмүүсийн “сэтгэл ханамжийн” төвшин янз бүр байдаг аж. Сүүлийн үед энэ талын судалгааг их хийх болжээ. Хоёр зуу орчим улс орон болон хуваагдсан манай гаригийн иргэдийн амьдралын төвшин, байгалийн нөхцөл, зан заншил, хэл соёл харилцан адилгүй. Харин амьдарч буй нөхцөл байдалдаа хүмүүс аль зэрэг хангалуун байдаг вэ?
Ийм судалгаа хийж үзэхэд маш хачирхалтай нь ядуу орны иргэд илүүтэй амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай байдаг бол баян орны иргэд амьдралаас бага таашаал авдаг, тулгарсан олон зовлон тоочдог, сэтгэл нь дундуур, бухимдуу, өөрөөр хэлбэл дундуур жаргалтай байдаг аж. Ингээд Gross National Happiness буюу Үндэсний сэтгэл ханамжийн илтгэцүүр гэгч хэмжүүр бий болжээ. Үүнийг эдийн засагт их хэрэглэх боловч цаад уг үндэс нь улс төр, эдийн засаг гэхээсээ нийгмийн сэтгэл зүйтэй холбоотой юм. Өөрийн аргачлалтай, нэлээд шинжлэх ухаанжсан индэкс ба тухайн улс үндэстний нийгмийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын бололцоо гээд эдийн засгийн судалгааны маш их ач холбогдолтой юм гэнэлээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай ард түмнээр филиппинчүүд шалгарсан бол швейцаричууд хамгийн зовлон зүдгүүртэй ард түмэн болж тодорчээ. Хачин байгаа биз? Эсвэл тэнэгийн дотор тэнүүхэн гэгчээр санаа зовох юмаар бага байдаг юм болов уу?
Одоохондоо монголчууд судалгаанд хамаарч амжаагүй болов уу, хайгаад олсонгүй. Гэхдээ маш их бухимдалтай, сэтгэл тун гонсгор, аз жаргалаар нэн хомс болохыг эргэн тойрноо хараад шууд ажиглаж болохоор санагддаг юм. “Нийтээр үгүйрэн хоосорч”, “хүн амын 80 гаруй хувь нь нэн ядуу ангилалд хамаарч”, “идэх хоол өмсөх хувцасгүй шалдарч”... гэх мэтийн яриаг хүн болгон цаг тутамд мэдээллийн хэрэгслэлээр байнга сонсож байдаг. Үүнд улстөрчид, сэтгүүлчид, эгэл баатрууд, хурал цуглаан үйлдэгсэд гаажтай чангаар уран сайхантай, өнгөтэй, өргөн дэлгэцээр ярьдаг болохоор цөмөөрөө цээжээрээ мэднэ. Ялангуяа сүүлийн хорин жилд хоосон хонож хог дэрлэх болсон тухай УИХ-ын нэгэн тарган гишүүн хэхрэн байж мэдэгдээд араас нь золтой уйлчихсангүй. Ингэхээр 1990 оноос өмнө цатгалдаж үхэнгээ алдаж байсан дүр зураг өөрийн эрхгүй үүснэ. Дашрамд дурдахад мэдрэл нь нэлээд жаажийчихсан харсаар байтал эрүүл бус амьтантай Бат-Үүл ханцуй шамлан маргаж явдаг нь ч юу юм билээ!
Энд дэлхийн банкнаас гаргасан хэсэг гол гол гэж байгаа статистик олж авснаа дэлгэж, Монголын аж байдлыг дэлхийн бусад орнуудтай харьцуулж үзэх гэсэн юм. Энэ статистикт НҮБ-ийн гишүүн 200 орчим орноос гадна Хонгконг, Тайвань, Гибрэлтар, Америкийн Самао гээд тусгаар тогтносон бус олон субъектыг хамруулжээ. Судалгаанд оролцогсод нийтдээ 240 орчим байгаа учир байр эзлэлтийг эндээс тооцох нь зүйтэй. Энэ 2010 оноос Монголыг ядуу орны бүртгэлээс бүрмөсөн хаслаа. Хүн амд ноогдох ДНБ хэмжээ хэдийнээ хоёр мянган доллароос давсан учир дунд ангилалын доохон хэсэгт хамрагдах болсон юм. Ийм оронд буцалтгүй тусламж олдохгүй, хүнсний тусламж бол бүр горьдолтгүй. Харин зээл олдох боломж нь хавьгүй нэмэгддэг гэнэ. Орон сууц гэж тухайн орны байгаль цаг уурт таарсан нөхцөлд жилийн турш амьдарч болохуйц сууц оромжийг тооцдог юм байна. Энэ утгаар нь авч үзвэл Монгол нь бүх гэр бүл нь орон сууцажсан цөөн улсын тоонд ордог гэнэ. Тохь тух олон өрөө байр энд яриагүй нь ойлгомжтой. Гэтэл баян АНУ-д ерөөс орон сууц оромжгүй гэр бүл нэлээд хэдэн хувь байдаг аж. Хоол хүнсний хувьд нэг хүнд өдөрт 2800 ккал ноогдож буй нь тун сайн үзүүлэлт гэнэ. Японд энэ үзүүлэлт 2600, АНУ-д 3500 байдаг юм байна. Америкчууд цөмөөрөө хэт таргалсан байдгийн учир энэ байх. Таргалалт гэснээс Монголын хүн амын 30 хувь нь, 35-аас дээш насныхны 60 хувь нь жингийн хэтрэлттэй байгаа нь харин тааруухан үзүүлэлт аж. Эрүүл мэнд талаасаа шүү дээ.
Дундаж наслалт 68 хүрч байгаа, үүнээс эмэгтэйчүүд 70,2, эрэгтэйчүүд 65,3 наслаж байгаа нь дэлхийд 154-рт орж байгаа боловч сүүлийн 20 жилд энэ үзүүлэлт 5 жилээр нэмэгдсэн аж. Энэ хооронд орос эрчүүдийн дундаж наслалт 57 болтлоо буурчээ. Мянган хүн тутамд 21,05 төрөлтөөр 93-р байр эзэлж, харин үхлээр 6,12 гэсэн тоогоор 158-р байр эзэлжээ. Сонирхуулахад энэ 158-р байр гэдэг нь хойшлох тутмаа сайн үзүүлэлт ба мянга тутмаас 24 үхлээр Анголи тэргүүлдэг юм байна. Үхлийн тоогоор Герман, Дани, Англи мэтийн өндөр хөгжилтэй орнууд 10 гарантайгаар манай урд ордог нь нийгмийн бүтцэд өндөр настай хүний тоо олон байдагтай холбоотой байх л даа. 14 хүртлэх насныхан Монголын нийгэмд 28 хувь, 15-64 насныхан 67,9 хувь эзэлж байгаа нь харьцангуй залуу нийгэм гэсэн үг. Гэрлэх нас ч сүүлийн хорин жилд ихэд хойшилж эмэгтэй нь 25.7, эрэгтэй нь 24,9 насандаа гэрлэх болсон нь залуусын амьдралын өмнө хүлээх хариуцлага нэмэгдсэнтэй холбоотой болов уу. Ой хүртэлх хүүхдийн үхэл гэж хөгжлийн зэрэглэл илэрхийлдэг нэг чухал тоо байдаг. Төрөлт өндөртэй байсан наяад оны үед энэ нь 128 хүрч байсан боловч ичсэндээ ч тэр юм уу, хоёр дахин багасган 64 гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад илтгэдэг, үнэн тоог нэн нууцалдаг байлаа. Одоо бол үнэн баримтаараа мянган төрөлт тутамд 39,88 үхэл тохиолдож байгаа нь дэлхийд 68 дугаар байрыг эзлүүлжээ. ДОХ-ын тархалт 0,1 хувиас бага буюу энэ талаар хамгийн аюулгүй оронд тооцогддог юм байна. Харин сүрьеэгийн нэлээд том голомттой, элэгний хавдрын үхлийн хувь нийт үхэлд маш том хувь эзэлдэг, хүн амын маш өндөр хувь нь элэгний вирустай зэрэг муу үзүүлэлт бас байна.
2007 онд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар монголчуудын 34 хувь нь олон улсын жишгээр ядуу гэсэн ангилалд багтаж байжээ. 2010 онд буюу энэ жил Дэлхийн банк дахин судалгаа хийгээд сая дүнгээ танилцуулсан. Ядуурлын хэмжээ хорь хүрэхгүй хувь болон буурсныг тэд ихэд сайшааж хэвлэлийн бага хурал хийлгэв. Гуравхан жилийн дотор ядуурлаа хоёр дахин буулгаж чадсан орон өдрийн од шиг ховор тохиолддог гэнэ. Ядууст зориулсан хүнсний карт буй болгох гэсэн Засгийн газрын хүсэлтийн дагуу Азийн сангаас нэн ядуу гэсэн 1500 өрхөд судалгаа хийгээд маш хачирхалтай дүн гаргаж ирлээ. Нэн ядуу өрхийн хүнсний нөөцийг судалж үзэхэд 12 кг гурил, 5 кг мах, 2кг цагаан будааны жоортой гэсэн дундач гарчээ. Энэ бол хүнсний аюулгүй байдал нэн сайн байна гэсэн үзүүлэлт юм байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь хүнсний хүрэлцээг хэлдэг (security), хүнсний аюулт байдал буюу хөнөөлт байдал нь (safety) тусдаа асуудал юм байна. Ийм сайн үзүүлэлттэй байхад хүнсний карт хэргээр төдий л нэмэргүй гэж олон улсын байгууллага зөвлөжээ.
Эрэгтэйчүүд нь дундачаар 12 жил, эмэгтэйчүүд нь 14 жил суралцдаг ба бичиг үсэг тайлагдсан зэрэглэл 97,8 хувьтай байгаа нь дэлхийд тун сайн үзүүлэлт гэнэ. ДНБ-ийхээ 5 хувийг боловсролд зарцуулж байгаагаараа дэлхийд 72-т ордог юм байна. 10 мянган хүнд ноогдох эмч, багш, оюутан, докторын тоогоор дэлхийд бараг л толгой цохиж байна даа. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор АНУ 575 гэсэн тоогоор Монголын ард 2-р байранд байна. Гэхдээ тэндэхийн 20 хувь нь гадаадын оюутан гэж байна шүү. Хүн амын 94,9 хувь нь монголчууд буюу нэгдмэл үндэстэн ба энэ тоогоор дэлхийд эхний аравт багтдаг гэнэ. Энэ нь үндэстэн хоорондын асуудал бараг байхгүй, энэ чанараараа эв нэгдэл хадгалагддаг гэсэн үзүүлэлт юм гэнээ. Хүйтэн дайны үед буюу дэлхий нэмж хуваагдаагүй байхад Монгол нь газар нутгаараа 18-д, хүн амаараа 118-д ордог байлаа. Одоо урдуураа Казахстаныг оруулаад газар нутгаар 19-р байранд, харин хүн амаар 134-т оржээ. Хүн амдаа хувааж үзсэн тоогоор бол байгалийн маш их баялагтай ба одоо нээгдсэн буюу баттай тааварлаж буй ашигт малтмалын үнэлгээг нэг ихнаяд америк доллар гэж тооцоолж байгаа юм байна. Иймээс Азийн дараагийн гайхамшиг, эдийн засгийн үсрэлт чухам Монголоос гарна гэх таамаг их элбэг болжээ.
Нэгтгэн дүгнэх юм бол энэхүү олон улсын нэр хүндтэй байгууллагаас гаргасан статистикаар монголчууд дэлхийн дундаж үзүүүлэлттэй орон юм байна. Үүний зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын сайн суурьтай, тогтсон сүлжээтэй, өндөр боловсролтой энэ орон ашигт малтмалдаа түшиглэн тун ойрын хугацаанд дэлхийн тэргүүний хөгжилтэй баян улс болох найдлагатайг мэргэжилтэн судлаачид нэгэн дуугаар батлаж байгаа юм байна.
Манай эдийн засгийн салбарыг ерөнхийд нь хуваабал нийт орлогын 20 хувийг Хөдөө аж ахуй, 30 хувийг Аж үйлдвэр, 50 хувийг Үйлчилгээний салбар бүрдүүлж байгаа аж. Хотод оршин сууж буй хүнийг 52 хувь гэж гаргасан байна, гэхдээ энд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг тоолоод аймгийн төв зэргийг “хөдөө” гэсэн ангилалд оруулсан бололтой. 170 мянган хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэнэ. Ажиллах хүчний тоо нэг сая 68 мянга гэж тоологдсон ба ажилгүйдэл 2,8 хувь байгаа нь дэлхийд 22 дугаар байрыг эзлүүлжээ. Энэ тоо АНУ-д 9,3 хувь хүрсэн гээд бод доо. Тэд 109-р байр эзэлжээ. Монгол улсын эдийн засгийн өсөлт 1990-2004 онд дундажаар жилд 3 хувь орчим байснаа 2004 оноос огцом өсч сүүлийн дөрвөн жилд 9 хувиас буухгүй дээшилж байна. Энэ бол дэлхийн хамгийн сайн үзүүлэлт, огцом өсөлттэй цөөхөн орнууд л ийм дүн үзүүлж байгаа. Сүүлийн 10 орчим жилд Японы эдийн засгийн өсөлт 0 бүхэлтэй л яваа. Цагтаа далаад оны үед тэд 8 хувийн өсөлт үзүүлдэг байлаа.
Хүнд ноогдох ДНБ-ийг олон жилийн турш шууд америк доллароор илэрхийлж ирсэн ба энэ нь дэндүү оночгүй гэх шүүмжлэл сүүлийн үед их гарч байна. Нэг америк доллар буюу түүнтэй харгалзах үндэсний валютийн худалдан авах чадвар газар бүр янз бүр байдаг. Монголд 2 доллар буюу түүнтэй тэнцэх 2800 төгрөгөөр юутай ч гэсэн дунд зэргийн гуанзанд бараг хориод бууз аваад идчихэнэ. Америкт үүгээр мухлагаас ганц муу асаагуур л авна, ширхэг боорцог ч авахгүй биз. Эсвэл яг адил чанар брэндтэй шилтэй коко кола Америкт 2,5 доллар, Улаанбаатарт 20 цэнт буюу даруй 15 дахин хямд. Иймээс тооцоог Purchasing Power Parity (PPP) буюу тэгшитгэсэн худалдан авах чадвар гэсэн үзүүлэлтээр харьцуулах болжээ. Ийм РРР гэсэн үзүүлэлтээр манай ДНБ хэмжээ хэдийнээ 10 тэрбум доллар давсан ба нэг хүнд оногдох хэмжээ нь 4 мянга гарсан байна. Энэ тоо баян орнуудтай харьцуулахад ичмээр дамшиг л даа, гэхдээ олон ядуу орны хувьд мөддөө санашгүй үзүүлэлт юм. Монголын эдийн засгийн нийт хэмжээ сүүлийн 20 жилд даруй 10 дахин нэмэгджээ.
Үүнийг иргэний орлогын энгийн жишээгээр харж болно. 1990 онд хамгийн бага цалин гэгдэх цэвэрлэгч, манаачийнх 180 төгрөг байлаа. Нэгдлийн гишүүн гэх малчидын зарим нь ердөө 30-50 төгрөгийн цалинтай, дээр нь зөндөө өртэй байсныг энд тооцохоо больё. Одоо хөдөлмөрийн хөлсний доод үнэлгээг сард 108 мянган төгрөгөөр тогтоосон. Дээрх мөнгөөр тухайн үеийн ханшаар хэдэн кг мах, гурил, будаа болон хэдий тооны цай, архи, тамхи авч болохыг өөрснөө бодоцгоо. Харин 108 мянган төгрөгөөр авч болох гол хүнсний бараагаа хамгийн хямдаар нь тооцоорой. Учир нь социализмын талх, будаа, хүнс, бараа, үйлчилгээ одоо манайд бараг тааралдахаа больсон хамгийн доод төвшинд байсан юм шүү. Хэдэн цагаар үхтлээ оочирлодог, огт олддоггүй байсан зэргийг тооцоолж яршиг зүгэээр, илүү хөдөлмөр зараад яахав.
Өгүүллийн эхэнд дурдсан “сэтгэл ханамжийн баталгаа” буюу аз жаргалын индэкс л харин сүүлийн хорин жилд маш ихээр унаж дорд орсон ба улс төрчид болон сэтгүүлчдийн ярьж байгааг хараад байхад цаашид улам хүчтэй унах бололтой юм. Нэгэнтээ Дэ Голл Францын ерөнхийлөгч болсныхоо дараа “500 төрлийн бяслаг хийдэг ард түмнийг удирдахад ямар хэцүү юм бэ!” гэж дуун алдаж байв. Бяслаг нь ийм олон юм чинь үзэл бодол зан авир, “сэтгэл ханамжийн илтгэцүүр” –ийн тоо замбараагаа алдаж таараа. Тархи угаах гэсэн ойлголт байдаг. Энэ нь мэдээлэл авах бүх сувгийг хаагаад ганц албан шугамаар нэг төрлийн мэдээлэл цацсаар байгаад иргэдийг худлаа юманд хүчээр үнэмшүүлэхийг хэлдэг. Ойлголт, үзэл бодлыг хүч хэрэглэн төлөвшүүлнэ гэсэн үг. Жоорж Орвэлийн бодож гаргасан нэршил. 1990 оноос өмнө Монголд нэг үзэл суртал ноёлож тэр шугамаараа нийт иргэдийн тархийг угаадаг байсан учир өөр үзэл бодол төдийгүй өөр үнэлэмж оршин тогтнох эрхгүй учраас аз жаргалын индэкс мөн л нэг маягаар сайн гэсэн үзүүлэлттэй гардаг байсан байх. Одоо бол Улаанбаатарт л гэхэд 40 гаруй телевизийн суваг монгол хэлээр нэвтрүүлэг цацаж, өдөр тутмын 20 сонин, 25 радио өдөр шөнөгүй ажиллаж өөр өөрийн олон янз бодлоо зэрэг цацаж байна. Та хүсвэл 120 суваг ч гэртээ үзэж болно. Олон үзэл бодол зэрэгцэн оршсоор байтал тархиа угаалгаж байвал хохь нь л гэх байх.
Аз жаргалын индэкс буурч байгаагийн нөгөө нэг шалтгаан нь баян ядуугийн ялгаа ихэссэнтэй холбоотой. 1990 оноос өмнө Монголын нийгэмд баян хүн гэж байгаагүй байхаа. Хамгийн баян этгээд банкинд 30 мянган доллартай байсан, тэр нь тэгээд хоёр гуравхан иргэн шүү. Ерөнхийдээ тэв тэгш л ядуу байж дээ. Одоо Монголын иргэдийн дотоодын банкинд хадгалуулсан нийт мөнгөний хэмжээ 4 тэрбум доллар хүрч байна. Сая долларын хөрөнгөтэй хүн нийгэмд цөөнгүй буй болоод ирэхээр хамаг малаа бараад олон хүүхдээ чирэн хот бараадаж хүүрийн газартай зэрэгцэн хөршилж хоногийн хоол хайн амьдралаа зохиож чадахгүй яваа олон мянган шилжин ирэгсэдийн хувьд энэхүү нүдэнд ил харагдах зөрүү мөнөөх “сэтгэл ханамжийн баталгааг” навс доош нь дарж таарна.
Овоо босгоогүй бол шаазгайд суух газар олдохгүй байсан. Түмний нүдэн дээр ямар ч ажил төрөл хийгээгүй мөртөө лус мэт баяжиж буй төрийн ажилтан, дарга дорго нарын хээл хахууль авилга нийгмийг асар их бухимдуулж байгаа. Тэр ингэж болоод байхад би яагаад адилхан зүгээр сууж байгаа мөртөө турж үхэхтэй шахаж байна гэсэн энгийн асуулт хэний ч толгойд юун түрүүн орж ирнэ. Чухам энэ сүрэг нийгэмд буй болох хөрөнгийн ихэнхийг зүй бусаар хулгайлан авч байгаа нь, эсвэл бүр улаан цагаангүй дээрэмдэн авч байгаа нь нийгмийн аз жаргалын индэксийг бууруулж буй нэг том шалтгаан. Ерөөсөө ч нүүдэлчний нэг төрөлх авир бол өөрийн ядуу явахыг гэхээсээ өрөөлийн баян тарган явааг тэвчдэггүй. Үүнд социологи, нийгмийн сэтгэл зүйн судалгаа хийх юмсан.
Амьдрал богинохон. Хүн аз жаргалтай явж насыг барах ёстой. Байхгүйдээ гансрах биш, байгаадаа жаргах хэрэгтэй. Богино амьдралыг гансрал гашуудал, хор шар, хорсол атаархалын зовлонгоор дүүргэн дуусгах нь юутай гунигтай. Одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан Гаутама Сиддихарда гэгч ухаантан ингэж сургажээ. Түүнийг хүн төрлөхтөн Будда гэдэг нэрээр нь андахгүй. Мөн тэр үед амьдарч байсан нэгэн мэргэн өгүүлэхдээ “Байгаа бүх юмнаасаа аль болох их таашаал авч амьдралаа аз жаргалтай өнгөрөө. Тэнгэрт тэргэл сар гарсанд ч баярлан шөнөөр сар харан, голын чимээ сонсож сэтгэлээ баясга. Амьд явахын утга учир энэ” гэжээ. Түүний нэрийг европчууд Конфициүс гэх юм билээ, манайхан Күнз гэдэг. 2500 жилийн өмнө нийт хүмүүний амьдралын төвшин мөн ч дорой байсан байх даа. Лав л өнөөгийн хамгийн ядуу төвшинтэй ч харьцуулашгүй. Гэвч хүмүүс нь сэтгэлээрээ жаргалтай байж дээ.
2010.7.6
Baabar.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment