Saturday, September 15, 2007

Аз жаргал аз жаргалтай хүнд л ирдэг /Сонжоо/

Энэ асуултанд хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө хариулж чадна. Сэтгэл санааныхаа тэнцвэртэй байдлыг хадгалж, амьдралыг бүрэн дүүрэн мэдрэх чадвар нь хүний өөрийн нь дотоод байдлаас хамаардаг гэнэ. Нэрт сэтгэгч Ларошфуко “Аз жаргал аз жаргалтай хүнд ирдэг, харин зовлон гуниг зовлон гунигтай хүнд л ирдэг…” гэж хэлсэн байдаг. Тэгвэл та өөрийгөө аз жаргалтай хүн мөн үү гэдгийг мэдэхийн тулд дараахь асуултуудад хариулаад үзээрэй.

1. Та өөрийнхөө амьдралын тухай дурсахдаа
а. Ашиглаж чадаагүй байгаа боломжуудын тухай бодно - 1
б. Амьдралд минь тохиолдсон олон сайн сайхан явдлын тухай бодно - 2
в. Өнгөрснөө бодох тусам гуниг, харуусал л төрдөг - 0

2. Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд өнгөрүүлэх баяр боллоо. Энэ үед танд юу гэж бодогддог вэ?
а. Энэ ч миний хувьд дэндүү уйтгартай хэрэг байна аа - 0
б. За яах вэ, хааяа ингэж амарсан ч болохгүй нь юу байх вэ? - 1
в. Хамгийн ойр дотны хүмүүстэй хамтдаа байх сайхан боломж гарч байгаа юм биш үү? - 2

3. Таны хань бол
а. Хамгийн сайн хүн - 2
б. За даа, сэтгэлд минь хүртэл ч хол байна даа - 0
в. Жирийн л нэгэн - 1

4. Та ажилдаа дуртай юу?
а. Яаж дуртай байх юм бэ?, энэ чинь ердөө л ажил шүү дээ… - 0
б. Зүгээр, болоод л байдаг юм - 1
в. Тэгэлгүй яах вэ! - 2

5. Өөртөө тохиолдсон эртний нэгэн хайр дурлалын тухай бодохдоо та
а. Тийм сайхан гэгээн дурсамжийг зүрх сэтгэлдээ хадгалж явах хэрэгтэй - 2
б. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн чухал хүн биш байсан юм аа - 1
в. Би энэ тухай санах ч дургүй - 0

6. Та толинд хараад юу боддог вэ?
а. Өөрийгөө толинд харах л юм бол өдөржингөө сэтгэл гундуу байдаг - 0
б. Өнөөдөр би ямаршуухан байдалтай харагдаж байна даа гэж боддог - 1
в. Өөрөө өөртөө аятайхан инээмсэглээд нүдээ ирмэдэг дээ - 2

7. Найз чинь амралтаараа Кипр арал руу явлаа. Харин та бөглүү жижигхэн суурин дахь эмээгийнхээ байшинг засах болжээ.
а. хөдөө, нам гүм газар амрах би дуртай шүү - 2
б. надад дахиад л аз таарсангүй - 0
в. за яах дээ, Кипр лүү дараа л явна биз - 1

8. Хүүхэд тань тэмцээнд маш амжилттай оролцлоо
а. Мэдээж хэрэг, тэгэх гэж л бэлдэж цаг зарсан юм чинь - 1
б. Ээ дээ, өрсөлдөгчид нь сулхан хүүхдүүд байсан байлгүй дээ - 0
в. Миний хүү олон юманд авъяастай гэдгийг би мэдэлгүй яах вэ? - 2

9. Хэрвээ танд амьдралаа цоо шинээр дахин эхлэх боломж гарвал
а. Яг одоогийнх шигээ амьдрах болно - 2
б. Өмнөх алдаагаа аль болох багахан шиг давтахыг хичээнэ дээ - 1
в. Тэгж болдогсон бол ч бүгдийг нь л өөрчилмөөр байна - 0

Харин одоо оноогоо тоолоод үзээрэй.
13-18 оноо. Та аз жаргалтай байж чаддаг, амьдралд бүтээлчээр ханддаг хүн юм. Гэхдээ хувь заяа таныг бусдын адил хааяа хааяахан хатуухан шалгадаг ч та өөртөө итгэх итгэлээ алддаггүй юм байна. Үргэлжийн өөдрөг сэтгэл, амьдралд дуртай зангаараа та бусдын хувьд ихээхэн том нөмөр нөөлөг болдог, тэднийг өөртөө татах их хүчийг агуулдаг ажээ.

7-12 оноо. Аз жаргал гэдэг таны хувьд сэтгэл санааны тогтвортой байдал биш, түр зуурын л мөч юм. Та өөрийгөө бүрэн дүүрэн аз жаргалтай гэж боддоггүй. Танд аз жаргалтай байхад чинь юу саад болоод байгааг нэг тунгааж үзээрэй. Магадгүй амжилтын хойноос хэт улайран хөөцөлдөж байгаа чинь юм уу, өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг болохоор тэр үү, эсвэл ердөө сэтгэл санаа чинь их залхуу байна уу гэдгийг мэдэхийг хичээгээрэй.

0-6 оноо. Та өөрөө өөрийнхөө бодож байгаа шиг тийм аз жаргалгүй хүн биш юм биш үү? Хэрвээ та амьдралыг харж буй “хар шилээ” авчихаж чадвал амьдрал тань хамаагүй хөнгөн болно доо. Та өөртөө болон ойр дотныхондоо итгэж бай. Хувь заяа гэдэг чинь өөрийг нь зоригтойгоор тосон ирж яваа хүнд л инээмсэглэдэг гэдэг шүү дээ…!

Sunday, September 2, 2007

Аз жаргал гуйлгачин шиг

Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм

Хойтон жилийн наадамд өмсөхөөр хадгалсан
Хоргой эмжээртэй дээл бишээ аз жаргал
Бороо сүлсэн нарны гэрэл солонго болон нумладаг шиг
Бодол ариуссан насны жаргал хайр болон ивлэдэг юм

Зузаан янаг сэтгэл үүрдийн үүрдийг хүслээ ч
Зуурдын энэхэн хорвоогийн зураг төөрөг хатуу
Арзыг хорз болтол нь нэрж болохоос бус
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж хадгалж болдоггүй юм

Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур

Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүйг бүү умарт
Ариухан сэтгэлийн үнэн үгээ бүү хадгал
Аяндаа минийх л юм чинь гэж намайгаа бүү шаналга

Шаглаж дуусаагүй үлдсэн торгон дээл шиг
Шаналалд идэгдсэн гундуу заяа үлддэг юм
Шатаж дуусаагүй унтарсан гал шиг
Санасаар яваад өнгөрсөн дутуу амьдрал үлддэг юм

Алтан дөрөө уяан дээр хангинахад
Аянчин хорвоогийн морийг тосож ав
Аяар аяар хаалгыг чинь тогших
Аз жаргалыг бүү буцаа...

Б. Энхтуяа
1996 он

Цаг бол алт

Бяр чадлын ундарга тул
Бодож сэтгэхэд цаг гарга.

Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга.

Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга.

Оюун ухаан дундрашгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга.

Ариун хишиг бурханых тул
Хайр сэтгэлдээ цаг гарга.

Аз жаргалын харгуй тул
Найз нөхөртөө цаг гарга.

Зурх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга.

Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга.

Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга.

Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга.