Thursday, October 30, 2008

ГУРАМСАН СҮЛЖЭЭ СУРГААЛЬ

Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав

/Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа/

No comments:

Post a Comment