Tuesday, September 23, 2008

Ухаантнууд л тоглодог


1.Хүсэлтийг маань хүлээн авсанд талархал илэрхийлье. Жижүүрийн асуултуудыг хойш тавьж, Оюун ухаан, түүний чадамж гэж юу болох талаар яриагаа эхлүүлье.
-Юуны өмнө надад урилга өгч, энэхүү ярилцлаганд оролцуулж буй Саак.мн веб сайтын хамт олон та бүхэнд баярлалаа. Мөн нийт интернет хэрэглэгчдийнхээ энэ өдрийн мэндийг эрье. Манайханд нэг ташаа ойлголт байдаг. Тэр нь юу вэ? гэхээр дээд сургууль төгсөх болон ямар нэг мэргэжилтэй болчихоороо л өөрийгөө оюунлаг хүн болчихлоо гэж андуурдаг, бусад хүмүүс мөн адил тэгж дүгнэдэг сэтгэлгээний туйлшрал ажиглагдаад байдаг. Үүгээр стандарт болговол тухайн хүн зүгээр л тэгэх ёстой, ингэх ёстой гэж сайхан ярьдаг хүн болчихдог, бүтээлч бус. Их дээд сургууль хүнд мэдлэг, мэдээллийг л өгдөг, тэрнээс биш хөгжүүлдэггүй гэж би үздэг.

Ер нь хүний оюунлаг байдал юугаар илэрдэг вэ? гэхээр олж авсан мэдлэгээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадвараар л илэрдэг. Дээд боловсролгүй ч гэсэн сайхан амьдардаг хүмүүсийн жишээ олон бий, хамгийн наад захын жишээ л гэхэд уяачдыг хэлж болж байна.

2.Оюун ухааныг хэрхэн хөгжүүлдэг вэ? Шалгарсан арга барил байна уу?
- Нэгдэхь арга бол хөдөлмөрлөх явдал, Хоёрдахь нь тоглоом наадгай, дараагаар нь сургууль соёл. Гэтэл манайхан хөдөлмөрлөх, тоглоом наадгай хоёрыг орхигдуулаад зөвхөн сургууль соёлыг нь анхаарах болсноор ийм байдалд хүрч байгаа юм. Би танд нэг жишээ хэлье л дээ, хэрвээ та эмнэлэгт байн байн очоод байдаг бол таны оюун ухаан хөгжөөгүй байна л гэсэн үг. Учир нь та яавал өвдөхгүй байх уу, яавал бага стресстэх үү, түүнчлэн яаж стрессээ тайлах уу гэдгийг мэдэхгүй байна л гэж ойлгогдоно. Ер нь бол ухаантнууд л тоглодог юм. Ухаан муутай буюу оюуны сул чадамжтай болон залхуу хүнд тоглоом их л ядаргаатай санагддаг байна. Тэдний олонхийнх нь хэлдгээр залхуутай байдаг. Залхуу нь эргээд хөдөлмөртэйгээ холбогдчихдог юм даа. Тоглоом гэдэг чинь л оюун ухааны өрсөлдөөн шүү дээ. Хожиж хожигдож чаддаг хүн л үүгээр тоглоно. Эсрэгээрээ, тоглодоггүй хүмүүсийн би завгүй ээ, тоглож чаддаггүй ээ гэсэн хариултууд нь оюун ухааны чадамж муугийн л гэрч юм.

3. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг... Хүүхдийн хөдөлмөрийн талаар?
- Манайхан сүүлийн үед хүүхдийн хөдөлмөрийг зогсооё гэж ярих боллоо. Энэ нь хэт туйлширсан үзэл юм л даа. Хүүхдийн хөдөлмөрийн хүнд хэлбэрүүдийг л хязгаарлана уу гэхээс тэр гутал тослоод, сонин зараад, машин угаагаад явж байгаа хүүхдүүдээ хөхүүлэн дэмжих хэрэгтэй.

4. Видео тоглоомын тухайд... Тоглоомын сонголтонд л учир байна аа даа?
- Зөв асуулт байна. Голцуу оюунлаг бус нийгмийн харанхуй талуудыг сонгон авч тоглоомуудыг програмчилж байгаа болохоор ийм төрлийн тоглоомууд тархинд шууд л хогон мэдээлэл болж очдог. Саяхан Японд үзэсгэлэнгээ гаргаад явж байхад эрдэмтэд нь ярьж байсан юм. Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуусын дундах амиа хорлолтоор Япон тэргүүлэх боллоо, үүний гол шалтгаан нь 1. Видео тоглоом 2. Хэт хангалуун амьдрал 3. Хотжилт гэж хэлж байлаа. Хэт хангалуун хэрэглээ гэдэг нь хүүхдийг багаас нь бүхий л зүйлсээр хангалуун байлгасаар, тухайн хүүхэд насанд хүрэх буюу шилжилтийн насан дээрээ ирэхээрээ амьдрах сонирхолгүй болж байгаа хэрэг юм билээ л дээ. Энэ бол материаллаг хангалуун хэрэглээ юм шүү.

5. Өнөөгийн манай залуус таны нүдээр...
- Цоглог харагддаг. Манайхан хэлдэг шүү дээ. Хүүхэд залуус та бүхэн Монголын ирээдүй гэж. Энэ үг одоо хоцрогджээ. Хүүхэд залуус та бүхэн Дэлхийн ирээдүй гэж хэлэх цаг нь ирснийг тэмдэглэмээр байна. Зарим нэгэн хүмүүжилгүй, арчаагүй, залхуу, өөдгүй, шилжилтийн үеийн золиос гэмээр залуус байгаа, тэдгээрээр бүх залуусыг төлөөлүүлэн үзэх нь утгагүй. Нэг ийм үг байдаг л даа. Өмнөх үе нь хойч үеэ үргэлж муулдаг, гэхдээ хойч үе нь өмнөх үеэсээ ямагт ихийг бүтээдэг гэж. Үүнийг их зөв үг гэж боддог. Манай музейг маш олон хүүхэд залуучууд үзэж байна, тэднээр бахархмаар байгаа юм шүү. Ер нь тэр сэтгэлгээ нь ч овоо хөгжсөн харагддаг. Залуустаа хэлэхэд, та бүхэн цөмөөрөө сайд болж чадна, цөмөөрөө онц сурч чадна, цөмөөрөө сайхан амьдарч чадна, залхуурахгүй л бол гэж.

6. Залуусыг та ямар байгаасай гэж хүсэж байна вэ?
- Сайн хүн гэж хэнийг хэлэх вэ? гэхээр хүмүүс маш олон зүйлийг хэлэх байх л даа. Эдгээрийг базаад хэлэхэд, сайн хүн гэж бусдынхаа төлөө өөрийгөө зориулж чаддаг хүнийг л хэлнэ. Бусдын төлөө буюу нийгмийнхээ төлөө гэсэн үзэлтэй хүн бол аль хэдий нь өөрийгөө олсон, бие хүн болоод төлөвшчихсөн байдаг байхгүй юу. Ийм л хүмүүсийг төлөвшүүлж чадвал бид хойч үеийнхээ өмнө нүүр бардам байж чаднаа.

7. Хөгшрөлтийн талаар...
- Хөгшрөлт бол насных биш. Та өөрийгөө хэдийнээс буруу авч явж байна тэр үеэсээ л хөгшрөөд эхэлж байгаа юм. Бүдүүлэгч гэсэн “Тарчиг залуугаас, тартай хөгшин дээр” хэмээх хошигносон үг байдаг. Бүдүүлэг мөртлөө бодмоор л үг. Би модны үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Цагаан сараар манай одоогийн удирдлагууд тэтгэвэрт гарсан улсуудаа хүлээж авна л даа. Тэр үеэр хэд хэдэн дарга нар “Бид өнөөдөр хөгшчүүдээ хүлээж авч байна” гэж хэлээд буруудаж байлаа. Ахмадуудаа хүлээж авч байна гэвэл сэтгэл санааны хувьд ч тэр аятайхан үг юм. Хүн өөрийгөө боловсруулдаггүй, ядаж өглөө босоод хэдэн гимнастикийн дасгал, хөдөлгөөн хийчих зориг, тэвчээргүй байгаагийнхаа хэрээр л хөгширдөг. Эртний нэг мэргэн хүний хэлсэн үг байдаг даа, “Муу амьдарна гэдэг чинь насан туршдаа удаан үхэж байгаа хэрэг юм” гэж.

8. Энэ асуултаа таньд нээлттэй үлдээе...
- Лодойдамба гуайн хэлсэн “Заяагүй хүн гэж байдаггүй ээ, залхуу хүн л гэж байдаг” мөн Эртний Грекийн гүн ухаантан Демокритийн хэлсэн “Их юм мэдэхдээ гол нь биш, оюун ухаанаа хөгжүүлэх нь чухал” гэсэн хоёр үгийг л залуустаа хандаж хэлмээр байна даа.

9. За баярлалаа, Таньд амжилт хүсье.
- Чамд бас, баярлалаа.

Ярилцсан: Ш. Гомбодорж

caak.mn-ees avav.

No comments:

Post a Comment