Thursday, April 24, 2008

Хэзээ ч орхихгүй

Нэг идэж уухаас өөр эрдэмгүй хүн аялалаар явах туйлын дуртай байжээ. Нэгэн удаа тэрээр аялалд явахдаа гахайндаа идэх юм үлдээхээ мартчихжээ. Тэгж яваад сарын дараа эргээд ирэхэд нь гахай нь үхчихсэн байж. Гахай чухам юуны улмаас үхэв? -------------- Үүнд тааж ядаад байх зүйл байна уу даа? Мэдээж өлсөж л үхээ байлгүй дээ.
Тэгж бодож байгаа бол үгүй ээ!!!
Өнөө залуу эргэж ирээд хамгийн түрүүнд олж харсан зүйл нь хаалганы булан дахь жижигхэн зайгаар зүтгэсээр байгаад толгойныхоо ясыг үйрүүлж үхсэн гахайнх нь толгой юм. Лавшруулан харвал мөнөөхөн булангаас холгүй зайд гахайнх нь хоол байлаа. Гахай нь хоол идэх гэсэндээ, хоолны төлөө тэмцэн тэмцсээр эцэст нь аминаасаа салжээ.
Энэ бүгдийг ойлгосон залуу хөөрхий гахайг өрөвдсөндөө гашуудан уйлав.
Магадгүй энэ хорвоод зөвхөн хүн төрөлхтөн л өөрийн зорилгыг хамгийн амархан орхидог байх. Хэрэв онгон зэрлэг байгальд ямарваа нэгэн амьтан амьдрах тэмүүллээ орхих л юм бол тэр амьтан үхэж үгүй болно. Эс бөгөөс өөр амьтанд идүүлнэ.
Хүний нийгэм ч гэсэн үнэн хэрэг дээрээ дээрхтэй адил. Хэдийгээр хүн идүүлчихгүй ч гэсэн амьдрал, нийгмийн хамгийн доод давхрагад асар хурдан бууж очдог юм.
Хэрвээ танд зорилго байдаг л бол, хэрвээ танд зорилгодоо хүрэх арга байгаа л бол, хэрвээ та энэ бүхнээ орхихгүй л бол та амжилтанд хүрнэ!

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=84702 -ees.

Өнгөрснийг аварч хэрхэвч чадахгүй, харин ирээдүйгээ авар

Нэгэн цаасны худалдаачин байн байн маш их бороо орж, үер буудаг нутагт арилжаа наймаа эрхэлдэг байжээ. Цаас бол жин ихтэй бараа. Дээд давхараас доош нь зөөх амаргүй тул бараагаа бүгдийг нь нэг давхартаа агуулдаг байж.
Бороо орох бүрийд дэлгүүрийн эзэн гадуураа урсаж байгаа их усыг харан, хэзээ л энэ их ус дэлгүүрт минь урсаж орж ирээд хамаг цаасыг минь норгох бол хэмээн түгшинэ. Нэгэн өдөр өнөөх хотод урьд өмнө нь орж байгаагүй ширүүн бороо орж, голын ус үерлэн, агшин зуурын дотор л дэлгүүрийн үүдний өмнүүр бяцхан гол болон урсаж эхлэх нь тэр. Үерийн ус асар хурдан нэмэгдсээр дэлгүүрийн босгыг халин урсаж гарлаа. Дэлгүүрийн эзэн самбаачлан үүдэндээ шуудайтай элс авч ирж овоолсон боловч нэмэр болсонгүй. Дэлгүүрийн бараанууд цөм шөлөн доторхи мах ногоо адил хөвж эхлэв. Тэнд байгсад бүгдээрээ хүчээ нэгтгэн норсон цаасыг доод талд нь давхарлан, хуурай цаасаа дээр нь овоолсон ч хуурай цаас усыг ууж, хэсэг хэсгээрээ дээш дамжин норсоор байлаа.. Бас үерийн ус үүдээр нэмэн нэмэн орж ирэхийг хэлэх үү, хэн нь ч хэрхэхээ мэдэхээ болиход, дэлгүүрийн эзэн усан бороон дундуур ажиг ч үгүй гараад алхчихав. Ажилчид нь түүнийг цэргүүд авч ирж туслуулах нь дээ гэж бодоцгоосон боловч тэрээр оройн хэрд ганцаарханаа буцаж иржээ.
Дэлгүүрийн цааснууд нороод, бүгд хаягдал болсон тул тэрээр бүх цаасаа гарган хаяж, тэндээс нэгмөсөн нүүгээд, нэгэн хуучин байрны нэг давхрыг хөлслөн авч наймаагаа үргэлжлүүлэв. Гэхдээ энэ удаад түрүүчийнхээсээ гурав дахин их цаас авч ирээд зарж эхэлжээ.
Хэсэг хугацааны дараа тэр хотод түрүү түрүүчийнхээс ч илүү аймшигт үер буув. Олон хүн байшингийнхаа дээвэр дээр авиран гарч, улаанаараа эргэлдэн урсах үерийн уснаас амиа хоохойлж байлаа. Дэлгүүрийн эзэн ч мөн үүдэндээ зогсон гудамжнаа урсах үерийн усыг харж байсан хэдий ч дэлгүүрт нь харин юу ч тохиолдсонгүй.
Тэрээр энэ удаад асар богино хугацаанд маш их ашиг олжээ. Учир нь бараг бүх цаасны дэлгүүрүүд усанд автсан тул албан газрууд, зохиолчид, ер нь хэнд цаас хэрэгтэй билээ тэр бүхэн мөнгөө барин дэлгүүрийг нь сурагласаар ирнэ.
Нэгэн хүн түүнээс: “ Энэ өндөрлөг газрыг урьд нь яагаад анзаардаггүй байсан юм болоо? Чи харин яаж анзаарч олж харав?” гэхэд тэрээр инээмсэглэн: “Түрүүчийн үерт дэлгүүрээ усанд автуулчихаад, энэ бүхнийг яаж буцаахаа мэдэхгүй байлаа. Тэгээд би дэлгүүрээ аврах гэж тэвдэлгүй, хотоор баахан явж, усанд авталгүй үлдсэн газрыг хайсан юм. Тэгж явахдаа л энэ газрыг олсон доо. Энэ л ‘Өнгөрснийг аварч хэрхэвч чадахгүй, харин ирээдүйгээ авар’, хонио алдсан ч хотоо сэлбэ гэсэн үг юм даа” гэжээ.

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?t=84702- ees.

Tuesday, April 22, 2008

ГАЙХАМШИГТАЙ ЭХНЭР

Гоо үзэсгэлэнт дагина эхнэртэй байхыг хүсэж мөрөөдөггүй эр хүн гэж хаа байх билээ. Тэдний зарим хэсгийнх нь энэ хүсэл нь мөрөөдөл чигээрээ дуусдаг бол зарим нь ажил хэрэг болгосноор хүсэл мөрөөдлөө биелүүлдэг байна.

Энэ ертөнц дээр нэгэн жирийн гэр бүл амьдардаг байв. Эхнэрийг нь Болороо, нөхрийг нь Дугараа гэнэ. Эхнэр нь хоолоо бэлдэх зуураа нөхрийгөө гэр орны ажилд тусалдаггүй, мөнгө бага олдог гээд л үглэх ажээ. Ингэж үглэх нь нөхрийнх нь уурыг хүргэх боловч хариуд нь дуугарсангүй дотроо түүнийг буруутгаж -өөрөө нэг олигтой юм шиг бас хүнд заах санаатай. Анх гэрлэхэд ямар байлаа. Хөөхөн, тэгээд бас эелдэг хүүхэн байсан сан даа. Одоо хар, ямар өөр хүн болсныг хэмээн бодно. Нэгэн удаа түүнийг үглээ эхнэр нь хог асга гэснээр Дугараа телевизороосоо дуртай дургүй холдож хогоо асгахаар гадагшаа гарлаа. Буцаж орохынхоо өмнө хаалган дээр зогтусан Бурханд өөрийн эрхгүй хандаж: “Бурхан минь! Миний амьдралд ямар ч утга алга. Би бүхэл бүтэн амьдралаа ийм үглээ, царай муутай эхнэртэй өнгөрүүлэх гэж үү дээ? Энэ бол ёстой амьдрал биш там байна даа” гэв. Гэтэл гэнэт бурхан түүнд намууханаар хариу хэлэхийг сонсов:

- Хүү минь ээ. Би чамд гоо үзэсгэлэнт дагиныг эхнэр болгон өгч тусалж чадахсан. Даан ч хөршүүд чинь гэнэтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо үзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж өгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хүсч байгаа бол түүнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шүү.

- Их баярлалаа. Бурхан минь. Дагины төлөө бол ямар ч эр хүн өөрийгөө өөрчилнө шүү дээ. Харин та манай эхнэрийг хэзээ өөрчилж эхлэх вэ?

- Яг одоо би бага зэрэг өөрчлөе. Цаашдаа минут бүрд л сайжруулах болно.

Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шүүрээд телевизорын өмнө суув. Гэсэн ч сонин унших, телевизор үзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов үү гэж эхнэрээ харах хүсэл төрөв. Тэсэлгүй босч гал тогооны өрөө үрүү шагааж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хүн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерөөсөө өөрчлөгдсөн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нөхрийнхөө анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогүй ч үсээ яаран засаж, нүүрэндээ пудр түрхээд асуулаа:

- Чи яагаад гэнэт хүнийг ширтээд унав?

Дугар сандарсандаа хэлэх үгээ олж яадахдаа:

- Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.

- Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.

-Хараач, шууд нүдний өмнө өөрчлөгдөж сайжирдаг байна шүү гэж нөхөр нь дотроо бодоод шууд л угаах савыг шүүрч аваад зүлгэж гарав.

Дараагийн өдөр нь ажлаа дуусгаад гэр үрүүгээ яарлаа. өглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирч байхыг харахыг тэсгэлгүй хүснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр өөрчлөгдсөн байвал яанаа? Би өөрөө хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.

Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Түүний өмнө жилийн өмнө өрөөнийнх нь авч өгсийг палажийг өмсөж, үсээ нямбай янзалсан эхнэр нь зогсож байв. Цэцгээ эв хавгүйхэн сарвайхдаа эхнэрээсээ нүдээ салгаж үл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад түүндээ ичингүйрснээр нүүр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бүрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдав. Түүнийг ширээнд суух үед нь Болороо ч сууснаа гэнэт сандран босч:

-өө харлаа. Би телевизор чамд асааж өгөхөө мартсан байна. Харин шинэхэн сонин энэ байна гэлээ.

- Надад телевизор үзэж, сонин унших хүсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөөр байгаагаа хэл дээ гэж үнэн сэтгэлээсээ асуув.

- Харин чи? гэж Болороо хариу дуугарав.

- Би театрт маргаашийн үзвэрийн 2 билет юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Хэрэв чи хүсвэл үдээш өмнө театр явах аятайхан хувцас чамд худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр үгийг хэлэх зуур түүний өмнө сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нүд нь гэрэлтсэн үнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв өдөр бүр ингээд гоё болоод байвал түүн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур түүнд нэгэн санаа төрлөө. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Түүнээс миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйя. Хүүхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас төрөх болно”

- Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нүүрнээс чинь харж байна шүү гэж Болороо асуув.

Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дагинаас хүүхэд гаргаад өгөөч гэж шууд хэлж болох уу? Тэгж болох эсэхийг Бурханаас гуйгаагүй шүү дээ. Тэгээд түгдчин:

- Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гоо үзэсгэлэнт дагина чамаасаа хүүхэд гаргаж өгөөч гэж гуйх гэсэн юм.

Болороо нөхөр үрүүгээ дөхөж ирлээ. Хайраар гэрэлтсэн нүднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнөлөө.

… Ямар сайхан шөнө байлаа? өнөөдөр сайхан өглөө вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гэж Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.

www.miniih.com/mini/index.php?p=109 - с