Saturday, July 18, 2009
Ц.Саранцэцэгтэй хийсэн ярилцлага
-Бид "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин" гэж дуулах дуртай. Ер нь зөв амьдрал гэж юу вэ?
-Зөв амьдрал юунаас эхлэх вэ гэхээр зөв хооллолтоос эхэлнэ. Түүнээс биш тархин дахь эрдэм номоос эхлэхгүй. Ерөөсөө хүний амаар орж байгаа зүйл бүгдээрээ бие, сэтгэл санаанд шингэж байдаг. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс арай илүү уян зөөлөн сэтгэлтэй байдаг. Учир нь их хөнгөн амттай чихэр, гурилан боовыг илүү их хүнсэндээ хэрэглэдэг. Тийм болохоор эмэгтэй хүн илүү сайхан сэтгэлтэй байдаг гэж боддог.
-Сайхан эмэгтэй, сайхан эр хүн гэж таныхаар хэн бэ?
-Та нар "Тунгалаг Тамир" гэдэг номыг уншаарай. Түүн дээр "Цахиур" Төмөр гэдэг хүн бий. Би түүнийг сайхан эр хүн гэж боддог. Ер нь монгол эр хүнийг уултай зүйрлэмээр санагддаг. Цаанаа л нэг гүдэсхэн, буурь суурьтай, ухаантай шүү дээ. Харин сайхан эмэгтэй маань "Цэвэр охин" гэдэг дуунд гардаг. Эмэгтэй хүн бие, сэтгэл, үзэл бодлоороо цэвэр байх ёстой. Ер нь бүсгүй хүнээс амьдрал цацардаг юм. Мөн хэдэн хүнд амьдрал өгч, хичнээн хүний амьдралд тусалж, ямар хүнийг өөд нь татав гэдгээр эмэгтэй хүн үнэлэгдэнэ. Ингээд бодохоор бүсгүй хүний өмнө бүх амьдрал сөгдмөөр санагддаг юм.
-Одоогийн нийгэмд гэр бүл гэдэг үнэ цэнээ алдаад байна уу даа гэж бодох юм. Та үүн дээр ямар бодол байна вэ?
-Залуус маань шударга байж чадахгүй байна. Өчүүхэн, жаахан амьдралын төлөө ч юм уу, эсвэл мөнгө, нэр хүндийг олж авахын тулд ч байдаг юм уу. Ямар ч байсан амархан аргаар бүхнийг олж авах гэдэг. Энэ л зангаараа амьдрал зохиочихоод багахан бэрхшээлд бүдэрч салчихаад байх шиг санагдах юм. Гэр бүл гэдэг энэ ертөнц оршин тогтнох нэг хэлбэр юм. Үр удмаа үлдээнэ, аавыгаа харж хүү нь том болно, ээжийгээ үзэж охин нь өснө. Тийм учраас гэр бүлийн асуудалд хариуцлагагүй хандаж болохгүй. Өөрийн амьдрал дээр хэн нэгний амьдралыг аваад явчих чадвартай болсон цагтаа гэр бүл зохиох нь чухал.
-Хүний амьдралд мөнгө чухал хэрэглээ болжээ. Зарим хүн мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч болно гэсэн ойлголттой байх шиг санагддаг. Таны хувьд?
-Аз жаргалтай байхын тулд мөнгө хэрэгтэй гэж зарим хүн боддог юм шиг байна. Гэтэл мөнгөөр зугаа цэнгэлийг худалдаж авна уу гэхээс аз жаргалыг хэзээ ч олж авч чадахгүй. Хөнгөн хийсвэр, мөнгөнд шүтсэн амьдрал бол амьдрал аз жаргал ч биш. Хүнд тодорхой хэмжээний мөнгө байх ёстой. Гэхдээ тэр нь цэвэр ариун хөдөлмөрөөр олсон байвал мөнгөө хэрэглэж, арвидан хямгадахад ч амар. Тэрнээс биш зальдаж байгаад юм уу, эсвэл хөөрхөнөөрөө далимдуулж байгаад мөнгөтэй хүнтэй суучихъя гэж бодох нь өөрийгөө доромжилсон хэрэг гэж бодож байна. Зүгээр олдсон чихэрнээс зүдэрч олдсон хатуу ааруул илүү амттай байдаг.
-Нийгэм маань нэг л бухимдалтай санагддаг. Энэ нь хүмүүсийн амьдралд хандах хандлагад нөлөөлдөг байх. Та юу гэж бодож байна?
-Нийгмийг байшин гэвэл түүнийг бүтээгч нэг ширхэг тоосго нь хүн юм. Хэрвээ чи чанартай сайн тоосго нь байвал намайг дагаад нэлээд хэдэн тоосго нь сайн болчихно гэж бодох хэрэгтэй. Түүнээс биш өөрийнхөө арчаагүй байгаа байдлыг нийгэм рүү түлхэж болохгүй. Энэ бол ухаантай хүний шинж биш, зоригтойгоор өөрчлөх ёстой. Хүн халуун сэтгэлтэй, өөрийнхөө үзэл бодолд үнэнч байвал бүх зүйл болно гэж боддог.
-Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн нууц нь юунд оршдог бол?
-Хамгийн нэгдүгээрт, хүн амьдрах эрчим хүчээр дүүрэн байх ёстой. Хүн нэг нэгнийхээ муухай аашинд өөрийнхөө эрч хүчийг алдчихдаг. Тийм учраас эрүүл мэнд нь муу байна. Өвчин залуужиж байна. Зарим хүн мартамхай гэдэг өвчин тусчихсан яваагаа мэдэхгүй. Өөрсдийгөө өвчингүй гэж бодоод байдаг. Гэтэл энэ нь хүний уураг тархины үйл ажиллагаа муудаж байгаагийн үзүүлэлт. Залуус маань энэ өвчнөөр өвчилж байгааг хараад харамсах юм. Мөн энэ нь аль хэдийн энергийн дутагдалд орчихсон явна гэсэн үг. Тиймээс хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд эрүүл мэнд чухал. Мөн "Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрөх шунхан улаан залуу насандаа баярлаж, хүнд итгэж, хүний итгэлийг дааж явбал хүсэл мөрөөдөл биелэнэ. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн сайхнаар тэр эрч хүчийг олж авдаг юм. Түүнээс биш дасгал, сургууль хийгээд ч юм уу, ламд очсоноор мөрөөдөл биелэхгүй.
-Та эх орон ээжийгээ хайрлах сэтгэлээс эхэлнэ гэж хэлсэн байдаг. Ер нь таны бодлоор эх орноо хайрлах хайр гэж юу вэ?
-Ээжийгээ хайрладаг хүн эх орон, эх дэлхийгээ хайрлана. Нэгэнт бидэнд амьдрал өгч, алдар нэр хайрлаж. байгаа эх орноо хайрлахгүй байна гэдэг мунхаг хүний шинж. Ээждээ хайртай хүн бол эх орондоо хайртай. Тэгээд би боддог юм. Дэлхий дахин даяарчлагдаж, байгаа өнөө үед хүнд үндэсний үзэл гэдэг зүйл байхгүй бол ямар ч утгагүй, зорилгогүй амьтан болно.
-Саяхан би "Донж" төвийн тэргүүн Б.Төгөлдөртэй уулзлаа. Тэрбээр Монголд хүн алга гэх юм. Таныхаар Монголд хүн байна уу?
-Би түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүл ухаантай хүн бодоход Монголоор, дэлхийгээр дүүрэн хүн байна. Б.Төгөлдөрийн лекцэнд сууж байсан. Өөрөө хүн ийм байх ёстой гэсэн стандарт тогтоочихоод түүнийгээ хайгаад байдаг. Тэгвэл тэр стандартад таарсан хүн өөрөө л байж таарна. Харин хүмүүс энэ бөндгөрөө жаахан ажиллуулахгүй бол амьтантай адилхан болчих гээд байдаг.
-Та өнгөрсөн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж байсан. Зарим хүн үүнийг дургүй хүлээж авсан. Та үүнд ямар бодолтой байна?
-Монгол бол эрх чөлөөтэй орон. Эрх чөлөөтэй орны иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлдэг байх хэрэгтэй. Би энэ эрхээ эдэлсэн төдий. Намайг эсэргүүцсэн олон хүн байсан. Миний хувьд Монголын ирээдүйг маш сайхнаар төсөөлж байгаа.
-Энэ жилийн баяр наадмаа хэрхэн тэмдэглэсэн бэ?
-Монгол хүнийхээ хувьд эрийн гурван наадмаа шимтэн үзлээ. Миний бодож байсан бөх түрүүлээгүй. Би До.Ганхуягийг түрүүлээд шинэ аварга болоосой гэж бодож байсан. Гэхдээ нартай, хуртай, сайхан наадам боллоо.
Т.Батсайхан
Subscribe to:
Post Comments (Atom)
Blog-iig chin bainga unshdag shuu. Amjilt.
ReplyDeleteEne ih goyo hun baina lee. Yarij baigaa ene ter n...
ReplyDelete